УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.10.18)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл орж ирээд, танилцаж байна. Ирэх онд төсвийн орлогыг 6.2 их наядаар, зарлагыг 5.3 их наядаар нэмэгдүүлж орж ирж байна. Зарлага өмнөх оноос 17.4 хувиар нэмэгдэж байна. ДНБ 95 их наядаар буюу 19.9 хувиар өмнөх оноос нэмэгдэж орж ирлээ. Эдийн засгийн өсөлтийг 8 хувиар тооцлоо.

Нүүрсний үнийг 2024 онд 115 ам.доллараар тооцож байсан бол 2025 онд 129 ам.доллар болгосон. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр нүүрсний үнэ ирэх жил унах төлөв байна гэж гарч байна. Эдийн засгийн өсөлт 6.6 хувь байна гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Бодитой тооцсон уу?

Төсвөө бид сүүлийн 10 жилд хязгааргүйгээр нэмж ирлээ. Бид хамгийн өндөр зарлагатай, хамгийн том төсвийг батлах гэж байна. Төсвийн зарлага найман жилийн дотор 11.5 дахин нэмэгдсэн.

Төсөөлж орж ирсэн нүүрсний үнэ, эдийн засгийн өсөлт, орлогын тооцоолол зэргээс даруй 20 хувиар нэмэгдэж орж ирж байна. Сангийн яам эдийн засгийн хамгийн доод хувилбараар тооцож орж ирэх ёстой” хэмээн асуув.

3 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү түүний асуултад Эдийн засаг хөгжлийн яамнаас эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8 хувиар тооцсон. ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон.

Олон улсын валютын сан уржигдар 2025 онд Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өснө гэж зарласан, өнгөрсөн хугацаанд ОУВС ингэж өндрөөр тооцоолсон удаа байхгүй. Бусад олон улсын байгууллага эдийн засгийн өсөлтийг 6-гаас дээш хувиар тооцож байна.

Ирэх онд уул уурхайн салбар дээр экспорт үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байна. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор баяжмалын үйлдвэрлэл, зэс, алтны агууламж нэмэгдсэнээр ДНБ өснө. Уул уурхайн тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Тээврийн салбарт эдийн засгийн бодит өсөлт өндөр төвшинд хадгалагдах. Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт 2025 онд үйлдвэрлэл талаасаа том хувь нэмэр оруулна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих бодлогыг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ. Аялал жуулчлалын салбараар дамжиж орлого нэмэгдэх төлөвтэй байна.

Нүүрсний үнийн хувьд ирэх оны төсөөллийг 105 ам.доллар гэж авч байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан тооцооллоос харин ч бууруулж, болгоомжтой байдлаар тооцсон. 2024 онд нүүрсний үнийг 115 ам.доллар гэж тооцоолсон, оны эхнээс эхлээд өнөөдрийг хүртэл гүйцэтгэлээр нүүрсний үнэ дунджаар 111 ам.долларын ханштай байна” гэж хариулав.

May be an image of 1 person and text

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, сүүлийн таван жилийн динамикийг харвал, 2020, 2021 онд цар тахлын хүндрэлтэй үед орлогын өсөлт 35 хувьтай болж байсан. Ирэх оны төсөв орлого талдаа 33.9 их наяд буюу энэ жилийнхээс 17 хувиар өснө.

Төсвийг хийсвэр төсөөллөөр бус, хуулийн дагуу тавьдаг шаардлага дүрмийн хүрээнд төлөвлөсөн. Бодит орлогоо төлөвлөсөн, орлогоо төлөвлөхдөө мөн хуулийн дүрэмтэй.

Төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол түүхий эдийн экспорт тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийнхээ үнийхээ аль багаар аваад давах юм бол Тогтворжуулалтын сандаа хадгалаад, үнэ болон биет хэмжээн дээр эрсдэл үүсвэл түүгээрээ алдагдлаа хаадаг зарчмаар төлөвлөсөн.

Зардлын өсөлтийн хувьд 3.5 их наяд, 70 хувь нь статистик өсөлт, инфлци, тарифын өсөлтөөс гарч ирж байгаа. Үлдсэн 30 хувь нь батлагдаж байгаа салбарын хүрээнд 595 тэрбум төгрөг. “Тэрбум мод”, “Цагаан алт” хөтөлбөр зэрэгт 457 тэрбум төгрөг. Маш тодорхой гурван эдийн засгийн ангиллаар нийтдээ 3.5 их наяд болж байна” гэв.

17 хүн ба бичвэр нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төрийн оролцооны хувь хэмжээг бууруулах нь чухал болохыг хэлээд, “ДНБ-ийн 37 хувь төсөв болчихсон, тэр хэрээр төрийн оролцоо нэмэгдсэн. Засгийн газар сүүлийн 10 жилд хамгийн их татвар цуглуулах тал руугаа явж ирлээ. Өнгөрсөн жилийнхээс 23 хувиар татварын орлого нэмэгдэж байна, энэ зөв юм уу. Эрх ашгийн эрэмбийн хүрээнд 14 төслөө эрэмбэлж чадаж байгаа юу” гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан “Бид сарын өмнө хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө баталсан. Жил, жилээр нь төлөвлөгөөгөө баталдаг.

Өнөөдөр бид ирэх оны төлөвлөгөөгөө баталсан, тэрэнд таарсан төсвийг оруулж ирж байна. 14 мега төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хэдийнэ баталсан, төсвийнхөө боломжоор төлөвлөөд явах учиртай. 14 бодлогын арга хэмжээг аль жилд нь хийх вэ гэдгийг УИХ дээр эцэслээд батлаад явна. Ирэх жилийн хувьд 14 мега төсөл бүгдээрээ байх боломжгүй, эндээс төсөв дээр орж ирж байгаа 3-4 төсөл байгаа. Ихэнх нь зураг төсөв, бэлтгэл ажил хангах.

Сүүлийн 20-иод жилийн хугацаанд Монгол Улсын төсөв ДНБ-ийн харьцаа 34-37 гийн хооронд явж ирсэн. Төсвөө задлаад харах юм бол энэ харьцааг багасгах хэрэгтэй. Төсвийн эдийн засгийн хөгжлөө дэмжих хүчийг нь нэмэгдүүлэх, хэмжээг нь багасгах. Одоо байгаа боломж дотроо оролцоогоо Засгийн газар хамгийн их үүрэг хүлээх дээр эрэмбэлэх асуудал юм.

Асуулт хариулт үргэлжилж байна. Ирэх оны төсвийн хуультай холбогдуулан 40 гишүүн асуулт тавихаар нэрээ өгсөн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр оройтож мэдэхээр байна” гэлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу