Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоол, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас баталсан хуваарийн дагуу 2024 оны хоёр дахь удаагийн Нээлттэй хаалганы өдөрлөгөө “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд аравдугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Монголын хүүхдийн спортын зуны, өвлийн VII наадамд баг тамирчдаа амжилттай оролцуулсан өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, биеийн тамир, спортын зүтгэлтэн нэр бүхий 13 хүнд “Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль”-ийг гардуулжээ.
Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ 16 багийн дасгалжуулагч нарт батламж, өсвөрийн шигшээ багийн тамирчны үнэмлэхийг тус тус олгосон аж. Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд спиннинг клуб, спортын бүжгийн клубуудын үзүүлэх тоглолт, аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ 16 багийн үзүүлэх тоглолтуудыг иргэдэд хүргэж сурталчлав. Өсвөрийн шигшээ багийн тамирчдын дунд Сагсан бөмбөгийн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж аваргуудыг шалгарууллаа.