Монголын багш нарын холбооноос багшлах эрхийн гэрчилгээ, журам зэрэг боловсролын харилцааны эрх зүйн зохицуулалтыг нийтийн эрх ашигт нийцүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Монголын багш нарын холбооноос 2024 оны есдүгээр сарын 2-ны өдөр гаргасан Боловсролын яамны сайдын багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбоотой үйл ажиллагааны журмыг хүчингүй болгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хүргүүлжээ.
Нэхэмжлэх гаргах таван үндэслэлээ танилцууллаа. Үүнд:
1. Журам багшийн нэр хүнд үнэлэмжийг бууруулж нийгмийн ашиг сонирхол сурагчийн сурч боловсрох эрх, хүүхдүүдийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөн буюу нийтийн эрх ашиг зөрчсөн.
2. Тухайн журам нь Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах процесс зөрчсөн.
3. Мөн хуулиар олгогдсон эрхийн дагуу батлан гаргаж буй захиргааны акт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санал бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж оролцох боломжоор хангах бөгөөд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн захиргааны зохицуулалт байдаг. Тодруулбал эрхзүйн хэм хэмжээ баталж гаргах процедурын алдаа гаргажээ.
4. Монгол Улсын Үндсэн Хууль бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Боловсролын Ерөнхий хуульд байгаа багшлах эрхийн гэрчилгээ гэдэг нэр томъёог нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй үндэслэл Захиргааны ерөнхий хууль зөрчиж гарсан акт гэж үзэж байна. Багшлах эрхийн гэрчилгээ гэдэг ойлголт бол мэргэжлийн хүнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл буюу лизенз гэсэн нийтээр нэгэнт тогтсон ойлголт юм. Үүнийг зүгээр л сургалтад хамруулаад гэрчилгээ авч болно гэсэн утга агуулга бүхий нийтийн эрхзүйн хэм хэмжээг баталсанд гомдолтой байна.
5. Үндэсний боловсролын болоод Боловсролын Ерөнхий хууль, багшийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн холбогдох хуулийн агуулга зорилгод нийцээгүй хэм хэмжээг тогтоосон.