Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 152 гишүүнтэй болох талаар яригдаж байна. Тэгвэл энэ талаар УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе. 

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан:

-152 гэдэг бол маш олон өнцгөөс тооцоолж, гаргаж ирсэн тоо. Тийм учраас үүнд Засгийн газар хатуу зогсоно. Түүнээс биш, 99, 108 болгох гэх мэт утгагүй, мухар сүсгээр нэмэх гэж байгаа бол Засгийн газар оролцохгүй.

УИХ-ын гишүүдийг тоог нэмэхээр хэд, хэдэн субъектив асуудал хөндөгдөнө. Гишүүдийн өрөө, гишүүдэд гарах зардал нэмэгдэнэ. 76 гишүүнд жилд 10 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал гарч байна. Үүнийг нэмэхгүйгээр, гишүүдийн тоо 152 байсан ч 10 тэрбум төгрөгт багтаагаад захиран зарцуулж болно. Шаардлагатай гэж үзвэл 20 тэрбум болгох төсөв санхүү ч бий. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зорилгоор Засгийн газраас тодорхой зохицуулалтуудыг хийж байгаа. Энэ хүрээнд ТӨБЗГ болон Эрдэнэс Монгол компанийн харьяанд байгаа зарим компаниудыг татан буулгаж, үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгэснээр 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж бий. Тийм учраас бид хаана, хэрхэн хэмнэхээ сайн бодох ёстой. 

Төрийн бодлого шийдвэрийг сайн гаргахад мөнгө хэмнэх биш, үрэлгэн зардал гараад байгаа тэр хэсгүүдэд хэмнэлт хийнэ.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Гишүүдийн тоог нэмэх нь зөв, гэхдээ хэд болгох вэ гэдгийг нарийн ярих хэрэгтэй.

Учир нь 38 мажоритар, 38 пропорциональ системээр сонгууль явуулах тохиолдолд тойргийн иргэдийн төлөөлөл буурах эрсдэлтэй. Тухайлбал, Ховд, Хөвсгөл гэх мэт хүн ам олонтой аймгийг нэг л хүн төлөөлөх болно. Парламент бол төлөөллийн байгууллага. Гэтэл тэр олон хүн амтай сумдыг нэг хүн төлөөлөөд явахыг буруу гэж харж байгаа. Тийм учраас хэрэв холимог тогтолцоогоор сонгууль явуулахаар бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Харин гишүүдийн тоо хэд байхыг хэлэлцүүлгийн явцад нарийн ярих ёстой гэж харж байгаа. Миний бодлоор 152 гишүүн гэдэг бол их байна. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Гишүүдийн тоог нэмэхийг буруу. 

УИХ-ын 76 гишүүнд жилд 10 тэрбум төгрөгийн урсгал зардал гардаг гэх тооцоо байна. Гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлбэл дахиад 10 тэрбум төгрөг улсаас гаргана гэсэн үг. Ингээд 20 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүдэд зарцуулна гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлт хийхээр парламент дараагийн 20,30 жил 152 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах болно. 10 жилд гэхэд 100 тэрбум төгрөг илүү зарцуулахаар  байгаа юм. Төрийн мөнгийг хэмнэнэ, төрөөс эдийн засагт үзүүлэх нөлөөх бууруулна гэж ярьж байгаа хэрнэ гишүүдийн тоог нэмэх гэж байгаа нь буруу. 

Нөгөө талаас, Гишүүдийн тоог нэмснээр парламент илүү хүчтэй болно гэж яриад байна. Олон улсын судалгаагаар Монгол Улс хамгийн хүчтэй парламенттай орнуудын тоонд ордог. Манай улсыг хамгийн сайн хөгжсөн ардчилалтай орнуудын нэг гэж дэлхий үздэг. 

Манайх шиг цөөн хүн амтай, жижиг улсад мажоритар тогтолцоо тохирно. Иргэдийнхээ дунд очоод, нүүр нүүрээ харж байгаад гологдож шилэгдээд, таашаалыг нь хүртвэл сонгогдоод л ирэг л дээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Гишүүдийн тоог нэмэх нь зөв. Ингэснээр нэг гишүүнд ирэх эрх мэдлийн хэмжээ саармагжиж, хариуцлага нэмэгдэнэ.

Гишүүдийн тоог улсын хүн амын тоотой харьцуулж бодитоор авч үзэх хэрэгтэй.  Хүн ам цөөн гээд 40-50 гишүүн асуудлыг шийддэг байж болохгүй. Мөн нэмэх ёстой гээд 400-500 гишүүн сууж байна гэвэл утгагүй асуудал болно. Миний хувьд одоо байгаа 76 гишүүний тоог тодорхой хэмжээгээр өсгөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.  Үүний үр дүнд нэг гишүүнд ирэх эрх мэдлийн хэмжээ саармагжиж, хариуцлагын харьцаа нь нэмэгдэнэ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

-Гишүүдийн тоог нэмэх нь буруу, 152 гэдэг бол асар том тоо. 

76:76 гэдэг тоо бол яг одоогийн нөхцөлд асар том тоо байна. Ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм. УИХ-ын гишүүдийн тоог дахин ярилцах ёстой.


Засгийн газраас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д иргэдийн саналыг авч байна. Та дараах төсөлтэй танилцан, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт info@cabinet.gov.mn хаягаар, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган ирүүлэх боломжтой юм байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу