Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нар манай улсад айлчилж буй. Тэднийг угтах ёслолын ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд болсон билээ. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудаг Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд урьж, албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Улмаар тэд Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцож, дараа нь Баганат танхимд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хүргэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо хэмээн үзэж байна. Манай хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн юм.

Өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ерөнхийлөгч А.Дуда манай улсад айлчилж буй нь хоёр улсын харилцааны түүхэнд тодоор бичигдэж, манай хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн ач холбогдолтой, бат бэх байр суурь болно гэж үзэж байна.

Бид хэлэлцээрийн хүрээнд сүүлийн гурван жил дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн үеийн томоохон үр дагавар шийдвэрийг гарган давж гарна гэдэгтээ нэгдлээ.

Айлчлалын хүрээнд манай улсад БНПУ-ын Элчин сайдын яамны салбар нээхээр боллоо.

Хоёр улсын хамтын ажиллагааны худалдаа бизнес, томоохон бүтээн байгуулалт, геологи, уул уурхай, соёл урлаг зэрэг томоохон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Хүнсний хангамж, хөдөө аж аухйн салбарт нэгдэхээр санал нэгдлээ.

Олон ургалч монголын хувьд Польшийн байр суурийг хүндэтгэж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин баталлаа.

Төрийн айлчлалын үеэр хийсэн харилцан тохиролцоо манай хоёр орны хөгжин цэцэглэлт хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Ийм сайхан хөгжиж байгаа орныг удирдаж буй Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Энэ айлчлал маш чухал ач холбогдолтой айлчлал болно гэж найдаж байна.

Бид дөнгөж сая олон улсын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. Монгол Улс ашигт малтмалаар баян орон. Тийм учраас бид онцгой, чухал ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хүсэж байгаа. Энэ талаар ноён Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярьж хэлэлцлээ.

Манай улс зэс хайлуулах үйлдвэртэй. Энэ чиглэлд Монголчуудтай хамтран ажиллана гэж найдаж байгаа. Мөн Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор байгуулах болсондоо баяртай байна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу