Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын экспорт, импортын статистик дүн, мөн цаг үеийн асуудлаар өнөөдөр (2023.05.03) мэдээлэл хийлээ. Эхний улирлын гадаад худалдааны статистик мэдээллийн урьдчилсан дүнг ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн  дарга Э.Лхагвасүрэн танилцууллаа.

Тэрбээр “Гадаад худалдааны нийт бараа бүтээгдэхүүний эргэлт эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 2.6 ам. доллароор өссөн байна. Үүнд экспорт 2.3 тэрбум ам.доллар, импорт 0.3 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн. Гадаад худалдааны баланс мөн эерэг гарчээ. Энэ хугацаанд дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортолсон байна. Мөн 121 улсын гарал үүсэлтэй барааг импортоор оруулжээ. 2023 оны эхний улирлын байдлаар экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч 81.6 хувиар өссөн. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 95.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Энэ нь нийт экспортын 88.7 хувийг дангаараа эзэлсэн ба гол бүтээгдэхүүн болох чулуун нүүрс нь 60.2 хувийг дангаараа эзэлж байгаа юм. Чулуун нүүрсний хувьд эхний дөрвөн сард 19 сая тонныг экспортод гаргаад байна.

Мөн нийт импорт нь 2.7 тэрбум ам.долларт хүрсэн. Өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар өссөн ба үүнд нефтийн бүтээгдэхүүн 44.8 хувь, машин механизм, тоног төхөөрөмжийн импорт 31.5 хувиар тус тус өссөн нь нийт дүн өсөхөд нөлөөлсөн байна. Харин импортын бүтцийг авч үзвэл 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүний, 21.1 хувийг нефть, 37.3 хувийг автомашин, тоног төхөөрөмж эзэлж байгаа бол үлдсэн хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлжээ. Гол барааг дурдвал 18,780 ширхэг суудлын автомашин, 5,712 ширхэг ачааны автомашин орж ирсэн байна. Мөн 215.2 мянган тонн авто бензин, 394 мянган тонн дизель түнш импортоор орж ирсэн” гэх урьдчилсан мэдээллийг өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу