MEC судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометрийн тавдугаар сарын дүн гарчээ. Уг судалгааг тавдугаар сарын 13-18-ний өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар 980 хүнтэй утсаар холбогдож, авсан байна.

Судалгаанаас харахад энэ сард Польшийн Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалтай холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд өсжээ. Харин үнийн өсөлтөөс шалтгаалж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон парламентын нэр хүнд унасан байна.

Улс төрчдөд өгсөн иргэдийн үнэлгээг тус бүрээр нь хүргэе.

Гадаад харилцаагаа сэргээснээр Ерөнхийлөгчийн нэр хүнд өсжээ

Дөрөвдүгээр сарын сүүлээр Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад айлчилсан билээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон айлчиллаа. Гэхдээ Францын ерөнхийлөгчийн айлчлал энэ судалгааг иргэдээс авсны дараа өрнөсөн үйл явдал.

Тэгэхээр Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээ нэмэгдсэн байна.

Тодруулбал, тавдугаар сарын судалгаагаар иргэд ерөнхийлөгчийн үйл ажиллагааг 0-10 онооны хооронд үнэлэхдээ 6 оноо өгсөн байна. Энэ нь өмнөх сарынхаас 0,1-ээр өссөн үзүүлэлт юм. 

Ингэж үнэлэхдээ, судалгаанд оролцсон иргэдийн 21 хувь нь түүнийг “шударга”, 18 хувь нь “шийдэмгий, зоригтой”, 17 хувь нь “ажилч, хичээнгүй”, 14 хувь нь “гадаад харилцаанд анхаарч ажиллаж байгаа” гэжээ. 

Сануулахад, Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалаар тус улс уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт манай улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2024 онд Монголд Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээхээр болсон. Мөн авто тээврийн салбарт хамтарч ажиллах зэрэг хэд хэдэн хэлэлцээг хийсэн билээ.

Ерөнхий сайдын нэр хүнд унажээ

Өмнөх сартай харьцуулахад энэ сард Ерөнхий сайдын нэр хүнд унажээ. Тодруулбал, иргэд түүний үйл ажиллагааг 0-10 хооронд үнэлэхдээ гурав, дөрөвдүгээр сард 6,9 оноо өгч байсан бол тавдугаар сард энэ үнэлгээ 0,2-оор буурч, 6,7 болжээ. 

Ингэхдээ судалгаанд оролцсон иргэдийн 46 хувь нь үнийн өсөлтөөс болж ийм үнэлгээ өгч буйгаа илэрхийлсэн байна.

Харин 26 хувь нь “үр дүнтэй шийдвэр байхгүй”, 12 хувь нь “худлаа попордог”, 9 хувь нь “Хөгжлийн банкны хулгайг шийдэж чадахгүй байна”, 8 хувь нь “нүүрсний хулгайг шийдэж чадахгүй байна” гэжээ. 

Түүнийг авлига, нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгайтай тэмцэж байгаа, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй хэмээн үзсэн хүмүүс ч байна. 

Парламентын үйл ажиллагаанд иргэд эерэг сэтгэгдэл хэлэхгүй байна

Энэ сард парламентын нэр хүнд ч мөн унажээ. Унах унахдаа бүр эерэг сэтгэгдэл үлдээсэн хүн алга. Бүгд л сөрөг сэтгэгдэл үлдээж, бухимдлаа илэрхийлсэн харагдана.

Тодруулбал, иргэд парламентын үйл ажиллагааг 0-10 хооронд үнэлэхдээ өмнөх сард 3,3 оноо өгч байсан бол энэ сард 3,1 болж буурчээ.

Ингэж үнэлэхдээ “Үр дүнтэй шийдвэр байхгүй”, “Үнийн өсөлт”, “Боловсролын зээлийн сангаас өөрсдөө, эсвэл хүүхэд нь зээл аваад төлөөгүй”, “Хэрүүл хийхээс өөр зүйл хийхгүй байна” гэв.

Хотын даргын нэр хүнд өмнөх сараас унажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ өмнөх сараас 0,2-оор буурчээ. Дөрөвдүгээр сард 3,3 байсан бол тавдугаар сард 3,1 болсон байна. Ингэж үнэлэхдээ өмнөх сартай яг адил сэтгэгдэл үлдээжээ. 

Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчөөр Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, Х.Нямбаатар нарыг дахин нэрлэв

Иргэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг нэрлэхдээ өмнөх сартай яг адил жагсаажээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар жагсаалтын эхэнд байгаа бол УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дарга Г.Занданшатар, БШУ-ны сайд.Энх-Амгалан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар дараа нь бичигджээ.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтад Х.Болорчулууны нэр дээгүүр орж иржээ

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн жагсаалтын тавдугаар сарынхыг өмнөх сартай харьцуулахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр хасагдаж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны нэр орж иржээ. 

Сүүлийн үед зарим үйлдвэр өмхийрсөн мах бэлтгэж, зах зээлд нийлүүлж байна гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаж, салбарын сайдыг үүнд анхаарахгүй байна хэмээн иргэд бухимдаж буй билээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу