АТГ өнгөрөгч 12 дугаар сард нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 17 хүний нэр зарлахад зургаа нь Өмнөговийн улстөрч байсан. Тэдний магнайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, Х.Мандахбаяр нарын нэрсийг зарласан. Нэг үгээр хэлбэл, Өмнөговь аймгийн улстөрчдийн тэргүүн эгнээнд бичигддэг бүх хүн “нүүрсний хэрэг”-т нэр холбогдон, рейтинг нь унаж эхэлсэн. Нөгөө талдаа тойрог суллах процесс нүүрс дагаж өрнөсөн гэхэд болно.

УИХ-д тус аймгийг төлөөлдөг хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хөндөгдөж, чуулганаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж, Н.Наранбаатарыг авч үлдсэн.

“УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн гэрт АТГ-аас нэгжлэг хийж байна” гэж сүр дуулиантай гүйцэтгэх ажлын зураг дэлгэсэн ч чимээ алдрав. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар яллагдагчаар татагдан, бүрэн эрхтэйгээ шалгагдаж байгаа бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг мөн яллагдагчаар татан шалгаж, хилийн хориг тавьсан.

Р.Сэддоржтой холбоотой таагүй мэдээллүүд чих дэлсдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Өмнөговьд аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын алба хаагчдыг Цогт-Овоо чиглэлийн 46 км авто замын радиусын хогийг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээнд хамруулах тухай захирамж гаргасан байдаг. Гэвч цэвэрлэгээ хийхээр явсан багш замдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Талийгаач эмэгтэй сургуулийн багш ажилтай, дөрвөн хүүхдийн ээж байсан бөгөөд тэрээр цэвэрлэгээнд явж байхдаа Ханхонгор сумын нутаг дэвсгэрт замын хажуу руу онхолдож, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураажээ. Засаг даргын “балай” шийдвэр хүний аминд хүрсэн атал таг чимээгүй дарж өнгөрсөн юм.

Үндэсний их баяр наадмын өмнө Өмнөговь аймаг Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан байна. Тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж нүүрсэнд гар дүрсэн хэргээр шалгагдан, хилийн хориг тавиулан, яллагдагчаар татагдсан ч аймаг нь шилдэг болжээ. Ирэх жилийн УИХ-ын сонгуульдаа чамгүй бэлдэж байгаа гэгдэх түүний хувьд нүүрсний хэрэгт дээлээ нөмөрчихгүй бол нэр дэвших боломж байгаа гэдгийг намынхан нь хэлж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу