Н.Алтанхуягаас З.Энхболдод намын тамга шилжсэнээс хойш Ардчилсан нам үргэлж уруудсан. Одоогоос найман жил орчмын өмнөөс л дөө. Их уналт С.Эрдэнийг намын дарга болгосноор эхэлсэн. Намаа ялагдуулсан З.Энхболд намын даргын суудлаа өөрийн “Шонхор” фракцийн С.Эрдэнэд өгснөөр Ардчилсан нам Улсын бүртгэлд арай л гэж бүтэн нэртэйгээ үлдсэн. Өнөөдөр тэр Капитал банкны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулсан хэргээс эхлээд хэд хэдэн хэрэгт буруутгагдаад буй.

Хэдэн жил тамга тэмдэгний хэрүүл хийсэн Ардчилсан намынхан Л.Гантөмөрөөр намын дарга тавьсан ч одоогоор ямар нэг алхам хийлгүй “хүлээлгийн” байдалд шилжсэн. Өнөөдөр тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурал 13.00 цагт эхэлнэ. Тус хурлаар ҮБХ-ны хорооны гишүүдийн ротаци, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах, генсекээ сонгох үйл явц өрнөх нь нэгэнт тодорхой байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Х.Баттулга баруун аймгуудад “Хөх Монголын хөх туг” гэгчийг зохион байгуулж, өөрсдийн талд хүмүүсийг нэгтгэхээр дарцаглаж яваа. Ардчилсан намд өстэй мэт хандаж ирсэн Х.Баттулга өнөөдрийн ҮБХ-ны хурлаас гарсан зарим шийдвэрүүдийг харж, АН-даа явах уу, МоАХ-гоороо тасарч нам байгуулах уу гэдэг тодорхой болно. Түүний хувьд МАН-тай нийлж намаа жонхууруулж явсан ч эцэст нь МАН-даа мад тавиулж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийг амсаж яваа.

МАН АН-ын дотоод үйл ажиллагаанд орох болсоор удсан. Намын дарга хэн байх вэ, хэнд нь тамга тэмдгийг нь өгөх вэ гэдгээс эхлэн МАН-ын зургаар явж байна. Ядаж л намын дарга Л.Гантөмөр нь Боловсролын зээлийн сангаас охиндоо сургалтын тэтгэлэг олгосон асуудалд нэр холбогдсон. Түүний рейтинг өдрөөс өдөрт унаж байгаа нь үүнтэй холбоотой. Намаа аврахаар ирлээ гэж анх мэдэгдэж байсан Л.Гантөмөр өнөөдөр намаараа авруулах хэмжээнд хүрчихсэн тийчилж сууна.

Ардчилсан намынхан урд шөнө унтаагүй гэнэ дээ. Намын генсек, дэд даргын суудал, фракциудын төлөөллийг ҮБХ-ны гишүүн болгох гэхчилэн тохиролцох, найрах зүйлс бишгүй л өрнөсөн байх юм. Фракциуд Л.Гантөмөрийн учрыг олох биш намын дарга нь фракциудынхаа учрыг олох гэж аргаа барж яваа гэх юм билээ.

Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх талаар Л.Гантөмөр хэрхэн харж байгаа бол. Нөгөө талд нь “Бриж” Д.Ганхуяг, Д.Ганбат, Г.Баярсайхан нарын “Хийморь”, Ц.Элбэгдоржийн бүлэглэл, МҮДН, Н.Алтанхуягийн “Алтангадас” фракцийн үлдэгдэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын “МонДе” гэхчилэн олон фракцийнхаа ашиг сонирхлыг хэрхэн хангахаас АН-ын хувь заяа хааш эргэх нь шийдэгдэх нь дээ.

Ардчилсан нам “update” хийх үү, 10 фракцийнхаа дунд тасдуулж үлдэх үү гэдэг өнөөдөр тодорхой болох юм.

Э.ТАМИР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу