Он дамнаж олныг шуугиулсан нүүрсний хулгайн хэргийн “эзэд” эхнээсээ шүүхийн хаалга татаж эхэллээ. Нүүрсний хулгайн гол “баатар”, зохион байгуулагч гэгдэж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг есөн сар хоригдсоны эцэст шүүхийн танхимд үгээ хэлж, есөн сарын гомдлоо асгаруулж эхэлсэн.

Харин шүүх хурлыг сунжруулж, наранд явах хүсэлтэй УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан яллагдагчийн статустай шүүхийн танхимд ирсэн боловч нэг ч үг унагасангүй. Шүүх хуралдааны өмнө харин өөрийгөө ямар ч гэм буруугүй хэмээн хэвлэлд онцолж байсан юм.

Б.Ганхуяг шүүх хуралдааны үеэр “Хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэнд баярлалаа. Гэхдээ үүнтэй адил ялын тогтоол бас бичигдчихсэн байх. Шүүх бүрэлдэхүүн хараат бус, тунгалаг байх ёстой. Гэтэл шүүгч нар барьцаалагдсан байна. Барьцаалагдаагүй юм бол АТГ-аас лавлагаа бичиг ав.

Энд намайг есөн сар хорилоо. Цаашид ч гаргахгүй юм байна. Гаргаж, иргэдэд миний үгийг сонсгохгүй юм байна. Намайг энд байлгах сонирхолтой хүмүүс байсаар байгаа юм байна. Бид энд золиослогдоод, тэд тэнд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй.

Ард түмэн жагсаал хийхэд хулхидаж тараасан. Нүүрсний хэргийн эзнийг барьчихлаа гээд 40 их наяд гэж, өчнөөн зүйл ярьчихаад, намайг жагсаалын асуудалтай холбож оруулж ирсэн. Надтай хамт 68 хүн орж ирсэн.

Одоо би ганцаараа байна. Надтай хамт шүүгдэж байгаа 11 хүний хэргийг та нар уншаарай. Гүйдэг хаалганы, модон хашааны, чирдэг жорлонгийн хэрэг байна.

Нүүрсний том толгойлогч нь Т.Аюурсайхан юм уу. Тэр надтай найз гэдгээсээ болж энд суух ёстой юм уу. Намайг шоронгоос гаргачихвал, би гадаа гараад, үгээ хэлчихвэл маш олон хүний зүрх зогсох гээд байна. Яагаад намайг гаргахгүй байгаа юм бэ. Ингээд ярихаар маргаашаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү.

Надаас есөн сарын турш нэг ч удаа байцаалт авсангүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлчих гэсэн. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Тийм учраас би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзаж байна” гэж мэдэгдсэн.

Б.Ганхуяг өөрийгөө ямар ч буруугүй энхийн цагаан тагтаа, шүүх захиалгаар яллах гэж байна гээд хэлчихэв. Түүний эсрэг УИХ, Засгийн газар ажилласан хэмээн омогдож байгаа харагдсан. Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ түүнд ял захиалсан болж таарч байна.

Нүүрсний хэрэг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гартаа атгасан хамгийн том хөзөр. Бүх хөзрөө дэлгэчихвэл дараа нь гаргах хөзөр үлдэхгүй тул эхний ээлжид шүүхийн танхимд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар цаг хожно. Араас нь УИХ-аар нүүрсний сонсгол явуулж, дахин цаг хожно. Харин сонгуулийн өмнө бүгдийг нь хуулийн өмнө сөхрүүлж байгаад, толгойг нь бөндөгнүүлнэ. Ингэж л тэр ирэх сонгуульд ялах зургаа зурсан. Ийм хурдан шийдчихвэл ирэх сонгуульд ямар ч хөзөргүй болно. Тиймээс хөзрөө бага багаар нь ил болгож түлхэнэ.

Цагтаа Б.Ганхуяг цалгиж явсан юм шүү. Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн том толгойлогч нарын нэг гэгдэх Х.Баттулга түүнийг Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор шагнасан. Өөрийгөө гавьяат уурхайчин гэж хөөрхийлж байхад нийгэм бүхэлдээ түүнийг нүүрсний хулгайч гэж харж байна.

Монголын төмөр замын захирал асан Н.Удаанжаргалыг бүр Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан. Гэвч тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон даруйдаа гадаад руу оргон зайлсан. Одоо бид гавьяат “нүүрсний хулгайч”, Хөдөлмөрийн баатар “нүүрсний хулгайч”-тай болж үлдсэн. Хулгайг хүртэл өөгшүүлсэн, шагнасан анхны хүн нь Х.Баттулга болж таарч байна.

Б.Ганхуяг уурхайчдаасаа ганц шанага нүүрс ч хулгай хийгээгүй гэж мэдэгдсэн. Үнэн чанартаа уурхайчид нүүрсийг олборлож, цагаан захтнууд буруу гараар оруулахаа мэддэг. Түүнээс Б.Ганхуяг нүүрс шанагаар хутгаад гүйж байна гэж юу байх вэ дээ.

Б.Ганхуягийн хэлсэнчлэн түүнийг бүх зүйлсээ өчөөд эхэлбэл зүрх нь зогсох хүмүүс бий бий. Зүрхнийхээ угт Б.Ганхуягийг тээж яваа тэр хүмүүс бол МАН-ынхан. Нүүрсэнд гараа дүрсэн бүх дарга нар.

Шүүх хуралдаан цаашид нээлттэй үргэлжилбэл Б.Ганхуяг маш олон ээдрээний зангилааг тайлж өгч мэдэхээр байна. Тиймээс түүнийг наранд гаргах хүсэлгүй хүмүүс ч олон байгаа гэдэг үнэн.

Анзаарвал Б.Ганхуягт айдас үгүй болж. Үнэхээр нүүрсний хулгай хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй хүн, эсхүл араа бат даалгасан хүн л ийм айдасгүй байж таарна. Гэхдээ нүүрсний хулгай хийгээгүй гэдэгт итгэх хүн бараг үгүй. Тиймээс араа бат даалгасан төрлийн яллагдагч болж таарч байна.

Түүнийг анх нүүрсний хулгайгаар бус нүүрсний эсрэг жагсаалыг зохион байгуулж, санхүүжилтээр дэмжсэн гэдэг утгаар цагдан сэргийлж байсан. Гэсэн ч эцэстээ тэр нь өөрийг нь нүүрсний хулгай руу хөтөлчихсөн. Бүх эрх мэдэл өөрт нь байсан үед нүүрстэй холбогдох бүх хүн түүнд тал засаж байсан нь үнэн. Одоо л Б.Ганхуяг новш болчихоод байгаагаас биш, хаан мэт жаалж явсан үе байсан шүү.

Өөрийгөө гэм буруугүй гэж мэтгэж байгаа ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж хоёроороо дамжуулан Жаргалантын аманд 22 хаус барьж, 17 орчим тэрбум төгрөгөөр худалдсан,

Б.Ганхуяг хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай “Рark place” барилгаас 5.4 тэрбум төгрөгийн үнэтэй оффис худалдаж авсан, түүний эхнэр П.Бадамханд нь “Regis place” барилгын 2, 3, 4 давхрын оффисууд, 13, 17, 19 давхрын орон сууцуудыг худалдсан,

Б.Ганхуяг, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдорж нар Нүхтийн аманд спорт цогцолбор, орон сууцны хотхон барихаар 7.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байсан зэргээс нь харвал энхийн цагаан тагтаа гэж хэлэх ямар ч үндэслэл болохгүй.

Хэрээ хэзээ ч цагаан тагтаа болохгүй шүү дээ, Б.Ганхуяг аа. Шүүхийн танхимыг тэр өөрийн тайз болгох гэж оролдож байна. Магадгүй түүний сүүлчийн таанцаа эргэх боломж нь энэ тайз байж мэднэ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу