УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.11.22)-ийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж байна.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлэлийн аудитын газрын Ахлах аудитор Б.Батдэлгэр “Захиалагч нь “Тавантолгой төмөр зам” ХХК, санхүүжүүлэгч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Санхүүжилтийн буюу нүүрс нийлүүлэх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл”-ийн хооронд байгуулсан.

ТЭЗҮ-ээр 1 тэрбум 68 сая 600 мянган ам.долларын төсөвт өртөгтэй ажил байснаас өмнөх гүйцэтгэсэн ажлын өртөг болох 276 сая 400 мянган ам.долларыг хасаж, дутуу ажил нь 792 сая 200 мянган ам.доллар болсон. Үүн дээр 213 сая ам.долларын нэмэлт ажил тооцож, гэрээний нийт дүн 1 тэрбум 5 сая 600 мянган ам.доллар болсон. Ийм дүнгээр гэрээ байгуулж, ажил гүйцэтгэсэн гэсэн үг.

Үүнээс гадна дээрх гурван компани хамтарч, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 218 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ нэмж байгуулсан. Мөн Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн төслийн гэрээг 313 тэрбум төгрөгөөр байгуулж, ажил гүйцэтгэж байна. 

Үндсэндээ, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын гэрээний нийт дүн 1 тэрбум 5 сая 600 мянган ам.доллар. Үүнээс тусдаа Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн 313 тэрбум төгрөгийн ажил, холболтын төмөр замын 218 тэрбум төгрөгийн ажлуудын гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Бодь интернэшнл” ХХК-тэй байгуулж, гүйцэтгүүлсэн. 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд Тагнуулын ерөнхий газарт албан бичгээр хандаж, үүнийг нууцын зэрэглэлд оруулсан. Гүйцэтгэгч тал энэ хоёр төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд энэхүү гэрээг хийсэн байна” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу