“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс гуравдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг аялахтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. 

“УБТЗ” ХНН-ийн Зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга “БНХАУ зорчигчийн галт тэрэгний төмөр замаараа Монгол, Лаос, Казакстан, ОХУ, Вьетнам, Хойд Солонгос гэх зургаан улстай холбогддог. Манай “Улаанбаатар төмөр зам” 2020 онд Хятадын төмөр замтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Гэвч цар тахлаас үүдэн бидний хамтын ажиллагаа зогссон юм. 

Цар тахлын дараа “Улаанбаатар төмөр зам”-ын дарга БНХАУ-ын төмөр замын даргатай уулзаж, зорчигчийн галт тэргийг сэргээх тухай ярилцсан. Улмаар өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний аялал сэргэсэн.  Үүний дараагийн алхам гэвэл гуравдугаар сарын 15-наас Улаанбаатар-Хөх хот чиглэлийн төмөр замын аялал сэргэх гэж байна. 

Тус чиглэлийн аяллын тасалбарын үнэтэй холбоотой ташаа мэдээлэл цахим сүлжээнд тархаж байна. 

Улаанбаатар-Хөх хот чиглэлийн аяллын хоёр талын тасалбарын үнэ 627.200 төгрөг. Нэг талын тасалбарын үнэ нь 313.600 төгрөг байна.

Цаашдаа ч бид энэ тарифаар үйлчилнэ. Хятадаас хоёр төрлийн вагон манайх руу холбогдож ирдэг. Нэг нь купе, нөгөөх нь зөөлөн ангилалтай гэж бий. Зөөлөн ангиллын вагоны үнэ 400 гаруй мянган төгрөг байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу