ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон улсын Түрэг академийн хамтарсан судалгааны багийн илрүүлсэн гэрэлт хөшөөний өнөөдөр (2024.04.26) талаар танилцууллаа.

Чингис хааны музейд болсон энэхүү танилцуулгад Шинжлэх ухааны академи, Казакстан улс дахь Олон Улсын Түрэг Академи болон Казакстан улсаас манай улсад суугаа элчин сайдууд оролцсон юм.

Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн Казакстан улс дахь Олон Улсын Түрэг Академийн хамтарсан хээрийн шинжилгээний анги 2019, 2022, 2023 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт эртний Түрэгийн үед холбогдох тахилын цогцолборыг малтан судалсан.
Тус экспедиц нь 2022 оны малтлага судалгаагаар эртний Түрэг, Согд, бичээс бүхий гэрэлт хөшөөний толгойн хэсгийн хугархайг анх олж судалгааны эргэлтэд оруулж байжээ.
Энэ нь Орхоны бичээс хэмээн алдаршсан Хөшөө цайдамд орших Зүүн Түрэгийн Билгэ хаан, Күлтегин жанжин нарт зориулан босгосон тахилын онгон бүхий гэрэлт хөшөө олдсоноос хойш 130 гаруй жилийн дараа дахин археологийн малтлага судалгааны үр дүнд олдож буй гэрэлт хөшөө юм.
Дашрамд дурдахад, хөшөөний их биеийн хэсгийг нутгийн хүнээс сураг сонсож олсон бөгөөд тус айлын хүн мэдэлгүй оршуулгын чулуу болгон ашигласан байжээ. Ингээд тус судалгааны баг холбогдох газраас болон тус айлаас зөвшөөрөл авч олдворыг зориулалтын чулуугаар сольж авсан байна. Улмаар их бие дээрх бичвэрийг сэргээх ажил үргэлжилжээ.
Уг судалгалгааны анги өнгөрсөн 2023 оны малтлага судалгаагаар тус гэрэлт хөшөөний үлдсэн хугархайг илрүүлэн олсон бөгөөд эртний түрэг бичээс бүхий нүүрэн тал ихэд баларсан байв. Харин эсрэг талын нүүрэнд эртний Хятад ханзаар бичсэн болох нь тогтоогдоод байна.
Гэрэлт хөшөөний толгойд ороолдсон хоёр чоныг хоёр тийш харуулан урд хөлөөрөө ямар нэг зүйл хавчин амаа ангааж буйгаар дүрсэлсэн байна. Сийлмэл дүрс зарим хэсэгтээ нилээд баларсан байдалтай. Гэрэлт хөшөөний их биеийн хэсгээс нйит 19 мөр руни бичиг байгаа нь мэдэгдсэн ба их биеийн хажуу талын хавтгайд, хөвөө захаараа зургаа зургаан руни үсэгтэй ба түүний дотор талд нь дөрвөн мөр согд үсгээр бичсэн байжээ. Мөн шинээр илрүүлсэн гэрэлт хөшөөний доод их биеийн хугархай нь мэлхий чулуун сууриндаа углуурга хэсгээрээ суун таарах аж.
Тус тахилын онгоны бүрдэл хэсэг болох тахилын хавтан чулуу, тахилын сүм, хүний болон амьтадын түрст хөшөө чулууд, тэдгээрийг тойрсон суваг далан, зэл чулуу зэрэг нь түрэгийн хаадын тахилын онгоны гол шинж тэмдэг юм.
Энэ үүднээс авч үзвэл «Номгон-2» цогцолбор дурсгал нь Орхоны алдарт дурсгалуудтай адил, эн зэрэгцэхүйц төвшинд орох хаадын дурсгалд тооцогдоно. Тахилын гэрэлт хөшөөний согд болон эртний түрэг бичигт гарч буй Кутлуг хаан бол “Билгэ хаан, Күлтегин” жанжны эцэг бөгөөд зүүн түрэгийн хаант улсыг үүсгэн байгуулж олон хэлт нүүдэлчдийг нэгэн туган дор оруулж их улсыг байгуулсан хаан гэдэг нь бидний илрүүлэн олсон олон хэлний бичээс бүхий цогцолбор дурсгалаар батлагдаж байгаа аж.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу