Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо есдүгээр сарын 9-ний энэ өдөр, дэлхийн ДНБ-ий 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувийг бүрдүүлдэг “Хорийн бүлэг”-ийн (G20) орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэллээ.

Жил бүр тогтмол зохион байгуулагддаг “G20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энэ жил “Нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй” уриан дор Энэтхэгт 18 дахь удаагаа зохион байгуулж буй.

Энэтхэг улсад “G20”-ийн уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтууд тус улсын үзэсгэлэнгийн хамгийн том төв болох Прагати Майданд (Бхарат Мандапам) болж байгаа ажээ.

Дээд хэмжээний уулзалтын хоёр өдрийн хуралдаанаар дэлхийн эдийн засгийн цогц шинэчлэлийн талаар хэлэлцэх юм байна. Мөн “ногоон” хөгжил, хурдацтай, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, тогтвортой хөгжлийн зорилтууд, технологийн өөрчлөлт, дижитал нийтийн дэд бүтэц, 21-р зууны олон талт институцууд, эмэгтэйчүүдээр удирдуулсан хөгжилд хүрэх хурдацтай ахиц дэвшил зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтад мөн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгааг багасгах асуудал багтжээ.

“G20”-ийн бүрэлдэхүүнд нийт 19 улс (Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк, Их Британи болон АНУ), нэг холбоо (Европын Холбоо) багтдаг.

Дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч орнуудын удирдагчид бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлууд, ялангуяа Орос, Украины зэвсэгт мөргөлдөөний талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Германы Канцлер Олаф Шольц, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Ерөнхий сайд Хасина Важид, Аргентины Ерөнхийлөгч Андрес Альберто Фернандес, Нигерийн Ерөнхийлөгч Бола Ахмед Тинубу, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез зэрэг удирдагчид оролцож буй аж.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар оролцохгүй бөгөөд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн оролцож буй юм байна.

Энэтхэгийн нийслэлд дээд хэмжээний уулзалт болохын өмнө аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ. Аюулгүй байдлыг хангахад 50 мянга гаруй цагдаагийн алба хаагч оролцож буй бөгөөд Энэтхэгийн Үндэсний гвардын цэргүүд дэмжлэг үзүүлж байгаа аж.

Уулзалтын зохион байгуулах төвийн ойролцоох өргөн чөлөө, гудамж, албан газруудыг гурав хоног хаажээ. Түүнчлэн Энэтхэгийн хэд хэдэн бүс нутагт есдүгээр сарын 8-наас 10-ны хооронд зорчихыг хязгаарласан байна.

Эх сурвалж: ANADOLU, MINT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу