АНУ Израильд цэргийн тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд ойрын өдрүүдэд нэмэлт санхүүжилтээ зарлах юм байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр “Бид Израилийн хүсэлтийг хүлээж байна. Бид тэдний хэрэгцээг аль болох хурдан, хамгийн сайн аргаар хангахын тулд тэдэнтэй хөл нийлүүлнэ. Нэмэлт хамгаалалтын системийн эхний тээвэрлэлт Израиль руу гарсан. Бид ойрын өдрүүдэд шинэ тусламжаа зарлах болно” гэж хэлсэн байна.

ХАМАС барьцааны хүмүүсийг суллах бодолгүй байна

Палестины радикал ХАМАС бүлэглэл Израильтай эвлэрлийн гэрээ байгуулахад бэлэн байгаагаа зарласан ч тулаан үргэлжилж, барьцааны хүмүүсийн хувь заяаны асуудлыг хэлэлцэж тохиролцох бодолгүй байгаа аж. Түүний хэлснээр “давхар иргэншилтэй олон арван хүн” барьцаалагдсан байна.

Палестинчууд Бямба, Ням гаргуудад 100 гаруй хүнийг барьцаалснаа хүлээн зөвшөөрсөн. ХАМАС-ын төлөөлөгч Абу Обейда Израиль Газын зурваст агаарын цохилт өгч эхэлсний хариуд барьцааны хүмүүсийг цаазалж эхэлнэ хэмээн сүрдүүлсэн талаар мэдэгджээ.

Тэрбээр “Энэ цаг мөчөөс эхлэн, орон гэртээ нуугдаж байгаа манай хүмүүсийн эсрэг урьдчилан анхааруулалгүйгээр цохилт өгөх бүрд бид олзолсон энгийн иргэдийг цаазалж, үүнийгээ дүрс бичлэг, дуу бичлэгээр баримтжуулан тараана” хэмээн мэдэгджээ.

Израилийн арми олзлогдсон иргэдийн амь насанд аюул заналхийлсэн ч Газын зурваст өгөх агаарын цохилтоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн “Газын зурваст байгаа олзлогдсон израиль иргэдийн амь насанд аюул занал учирч болзошгүй хэдий ч Газын зурваст өгөх цохилт хүчирхэг, өргөн цар хүрээтэй байх болно” гэж мэдэгджээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ ХАМАС-ын гишүүдийг Исламын террористуудтай адилтгаж, “Соён гэгээрсэн ертөнц IS-ыг ялсан шиг” тэднийг ялна гэж амалсан байна.

Эх сурвалж: TASS, TIMES OF ISREAL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу