Маргааш (2023.11.14) Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Энэ өдөр төрийн дээд “Чингис хаан” одонг хүртээдэг билээ. Энэ жил “Чингис хаан” одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад  хүртээхээр болжээ. Энэ талаар ЕТГ-аас мэдээлсэн юм.

Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Морин хуурын чуулга маань Монгол Улсын соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үндсэн ажлыг хийдэг. Бид  язгуур, сонгодог, орчин үеийн урлагийг тэгш хөгжүүлж авч явахыг хичээж байгаа. Үүн дотроос бидний оюуны охь болсон Морин хуурыг хөгжүүлэх чиг үүрэг Морин хуурын чуулгад ногддог юм. Энэ ч утгаараа Морин хуурын чуулга дэлхийд Монголын язгуур хөгжим болсон морин хуурыг таниулах, морин хуурын урлагийг олон улсын сонгодог хөгжим болгох чиглэлд анхаарч ажиллаж байна.

Морин хуурын чуулга олон улсын томоохон тайзуудад байнга очиж тоглодог. Тухайлбал, 2021 оноос буюу Соёлын яам байгуулагдсан цагаас дэлхийн тайз болох Японы Токио хотод байрлах “NHK hall”, Сиднейн “Опера” театрт болон Францад тоглолтоо хийсэн. 

Цаашид Морин хуурын чуулгаар дамжуулан морин хуураа олон улсад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход анхаарч, олон улсын томоохон театруудын тайзнаа  тоглолт хийх болно” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу