Монгол Улсын нийт өр 35 тэрбум ам.доллар. Үүнийг иргэн бүрд хуваавал нэг хүнд 34 сая оногдож байна. Энэ талаар өчигдөр (2024.02.21) Ардчилсан намын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Р.Даваадорж нар эдийн засгийн бодлогын үндсэн асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Мөн Ардчилсан намын дэд дарга нар, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүд, экспертүүд оролцож, Монгол Улсын эдийн засгийн бодлогын хэрэгжилт, үр дүн болон Ардчилсан нам цаашид эдийн засаг, төсөв санхүүгийн ямар бодлого, шийдлүүдийг баримтлах талаар нээлттэй санал солилцов.

МАН-ЫНХАН 400 САЯ АМ.ДОЛЛАР АВААД ТАРААГААД ДУУСЛАА

УИХ-ын гишүүн, Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ: Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн тоо гэдэг зүйлийг хэн ч өөрчилж болохгүй. Танай нам, манай нам гэж байгаа боловч эцсийн дүндээ энэ улс орны хөгжил нэг. Өнөөдөр Монгол Улсад авлигажсан төсөв гэдэг зүйл газар авлаа. Би ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэ зүйлийг яриад ажлаа өгч байсан.

Аливаа төрийн бодлого сайн уу, муу юу гэдгээс хамаараад төсвийн алдагдал болоод ашигтай байдал тодорхойлогдож байдаг. Манай төр сүүлийн найман жил татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээд хэсгийг нь улсын төсөв гээд тавьчихдаг боллоо. Гэтэл тэр мөнгөөрөө дандаа байшингийн суурь босгож байна.

Авлигажсан төсөв яаж бий болдог гэхээр хоёр жилийн хугацаанд 1 тэрбумаар барина гэсэн барилгаа 5 жилийн хугацаа болгоод удах тусам төсвийг нь нэмэгдүүлээд зардлыг нь 5 тэрбум болгож байх жишээний. Яагаад байшин барих гээд байдаг юм. Төрийн өмчийн данхар том байшинг яах гэж барьдаг юм бэ? гэвэл учир нь том юмыг цавчиж байж унацтай байдаг ийм л агуулгаар Монгол Улсын төсөв батлагдах болсон. Үүнийг би авлигажсан төсөв гэж байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсын нийт өр 35 тэрбум доллар, нэг хүнд хуваахад 34 сая болж байгаа юм. Энэ тоог яагаад хэлээд байна вэ? гэхээр тухайн үед МАН гарч ирэхдээ Монгол хүн 15 сая төгрөгийн өртэй байна гэх шүүмжлэл бий болгож байсан. Өнөөдөр 35 сая хүртлээ өссөн нөхцөл байдалтай байна.

МАН бүх өрийн бурууг Чингис бонд руу чихэж байна. Гэтэл тэр бол аль хэзээний монголчуудад бүтээн байгуулалт хийгээд, дэд бүтцээ хөгжүүлээд, үр ашгаа өгчихсөн зүйл. Гаднаас бонд, зээл авч болно түүнийгээ хөгжилд зарах ёстой болохоос биш ходоодонд, халамжид зарж болохгүй. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд тарааж байна. Ердөө л сонгууль угтаж мөнгө тарааж байгаа юм. Тэрнээс үнэхээр бодит үр өгөөжтэй байна уу гэдэг асуудал нь хамаагүй.

Ардчилсан нам бүтээн байгуулалт, зөв зүйлийг хийхээр бодитоор тэмцэж, дэд бүтцээ хийсээр ирсэн. Гэтэл МАН-ынхан 400 сая ам.доллар аваад тараагаад дууслаа. Бондын мөнгийг халамжид огтоос өгөхгүй. Зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулна. Дээр нь хэн нэгний төслийг 100 хувь санхүүжүүлэхгүй гэдэг зарчим баримталсан. Манай намынхан намайг шүүмжилдэг. Гэтэл АН, МАН ялгаагүй үйлдвэрлэл эрхлэгч бол бодитоор дэмжээд явах ёстой. Тэрнээс МАН-ын цемент, МАН-ын үйлдвэр гэж байх ёсгүй.

2012 онд МАН-ыг засаг барьж байхад эдийн засаг маш хурдацтай өссөн буюу хоёр оронтой тоо руу шилжсэн. Учир нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт эдийн засгийг маш өндөр өсөлт бүхий харагдуулсан боловч түүнээс цааш бууж эхэлсэн. Бид үр дүнгээ ярих хэрэгтэй. Ер нь төсвийн алдагдал гэдэг нь бидэнд өр болж ирдэг.

Сонгуулийн дөрвөн жил тутамд улсын төсөв маш хурдацтай тэлдэг бөгөөд үр ашиггүй зарцуулалт буюу халамжийн бодлого явуулж эхэлж байна. Экспортын орлого жилээс жилд нэмэгдэж байгаа ч урсгал зардал буюу дарга нар, төрийн ажилтан, алба хаагчдын данхар бүтцийг санхүүжүүлэх төсөв бий болж байна.

“ӨНӨӨДРИЙН ШИЙДВЭРҮҮД ЗОВЛОНГИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭ БИЙ БОЛГОХ, “ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ”-Т ОРОХ ШИЙДЛҮҮД БОЛСООР БАЙНА”

Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.НАРАНТУЯА:

-Монгол Улсын хөгжлийн бодлого тууштай явагдахгүй байна. Том зорилгодоо хүрэх бодлогын уялдаа чухал. Гэвч салбар яамдын бодлогууд хоорондоо уялдахгүй хэвээр байсаар байна. Сүүлийн жилүүдэд манай улсын ядуурлын хэмжээ буураагүй, баян ядуугийн ялгаа ойртоогүй, ДНБ-ий хэмжээ өсөөд байгаа ч иргэндээ бодитоор дэмжлэг болж очихгүй байсаар байна.

Ямар ч их мөнгө байгаад, ямар ч том зорилт байгаад үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөр стратегийн зорилтын хүрээнд бичигдэж байна. Үр дүнтэй засаглалыг л бий болгохгүй бол одоо байгаа төрийн гажгууд арилах боломжгүй.

Бид үргэлж эхлээд үр нөлөөг нь судлах хэрэгтэй. Яагаад, юуны улмаас, яг ямар зорилго хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй. Ядуурлыг бууруулъя, өрхийн орлогыг нэмэгдүүлье гэж байгаа бол зорилгоо бүгд маш оновчтой болгох бодит шаардлага тулгарч байна.

Монгол Улсад тулгамдаад байгаа хамгийн гол сорилт юу вэ гэдгийг маш нарийн бодох шаардлага тулгамдаж байна. Мөрийн хөтөлбөр гэдэг нь прагматик, бодитоор биелэгдэхүйц байх ёстой. Татварын хуулиас эхлүүлээд бидэнд засаж залруулахуйц зүйл маш олон байна. Маш бодитой зорилтууд тавиад, хэрхэн, яаж хийх алхмаа зөв тодорхойлох шаардлагатай.

Бид байгаа нөөцөө яаж зохистой, үр ашигтай хуваарилах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Өнөөдрийн шийдвэрүүд зовлонгийн эх үүсвэрээ бий болгох, чөтгөрийн тойрогт орох шийдлүүд болсоор байна. Монголд яг дэлхийд өрсөлдөх хэдэн салбар байна вэ гэхэд хамгийн нэгдүгээрт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, IT технологийн салбар байгаа юм.

“МОНГОЛД БАЯЛГААСАА ОЛЖ БУЙ ХУРИМТЛАЛ, САН БАЙХГҮЙ БАЙНА”

Улс төрийн зөвлөлийн гишүүн М.ЧИМЭДДОРЖ: Монгол Улс ойрын 20 жилийн хугацаанд нүүрс, уран, газрын тосоо эрчим хүчний нөөц болгон ашиглаж чадаагүй. Дэлхий дээр аль улс үндэстэн металлын топ тоглогч болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ялангуяа зэс, молибден гэх мэтчилэн баялгийн нөөц Монгол Улсад хангалттай байна. Тиймээс ч гол биш юм гэхэд нөөц бүхий улсуудын эгнээнд ойрын жилүүддээ байсаар байна.

Жил ирэх тусам уул уурхай, баялгийн орлогоосоо бүрэн хамаарал бүхий эдийн засагтай боллоо. Гэсэн хэдий ч бидэнд баялгаасаа олж буй хуримтлал, сан үгүй байна. Эсрэгээрээ байгаа сан нь бүгд алдагдалтай явж ирлээ.

Баялгийн сан гэдэг нь нэгдмэл удирдлага зохион байгуулалттай бүрэлдэхүүн сан бөгөөд энэ сангийн эрсдэлийг зөв харж удирдлагаар хангаж байх ёстой. Төр ямар хэмжээний хувийг эзэмшиж байна үлдсэн хувь дээр хувийн компаниуд ирдэг. Төрийн өмчит компаниуд бизнесийн зарчмаар явж байж үр ашигтай ажиллах боломжтой.

Монгол Улсын төсвийг юунд зарцуулах вэ гэдэг нь маш чухал асуудал болсоор ирлээ. Гэтэл төрийн өмчит үйлдвэрийн дарга нь шууд ард түмнийг төлөөлж байна. Монголын ард түмнээс сонгогдож мандат аваагүй байж шууд ард түмний өмнөөс төлөөлөн ярих, Засгийн газрын өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй.

“МОНГОЛ УЛС ХОЁР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ТӨСВӨӨ НЭГ ӨДӨР
ГАДААД ӨРИЙН ХҮҮД ӨГСӨӨР БАЙНА”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Р.ДАВААДОРЖ: Төсвийн тогтвортой байдал үйлчлэхгүй байна. Дарга нарын, УИХ-ын гишүүдийн захиран зарцуулах зардал болон урсгал зардал 5-6 дахин нэмэгдсэн байна. Эрх баригчдад валютаа тогтвортой байлгах бодлого алга. Төсвийн зардал өмнө нь байгаагүйгээр, асар их хэмжээгээр өссөөр байна. УИХ-ын гишүүд, яам, тамгын газрууд зарлагаа их тавиад, түүн дээрээ тааруулж төсвөө бэлддэг.

Тиймээс жилээс жил ирэх тусам төсвийн зарлага тэлсээр байна. Дарга нарын төсөв данхайхын хэрээр иргэдэд зарцуулагдах төсөв үгүй болж байдаг. Яагаад аж ахуй нэгжүүд нь хэдэн зуугаараа хаалгаа бариад байна. Төсвийнхөө бодлогыг буруу явуулж байгаа учир Монгол Улсад та твар төлөх ёстой 230 мянган аж ахуй нэгж байхад татвараа өгсөн 150 мянган компанийн дийлэнх нь Х тайлан өгсөн байна.

Эрх баригчид, улс төрчид улсын төсвийг алдагдалгүй 10 тэрбумын ашигтай гэж байгаа ч аудитын дүгнэлтээр гаднаас 1.5 их наядын зээл авч төсвөө бөглөчихөөд ашигтай ажилласан байна гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа. Улсынхаа эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг боловч жил ирэх тусам уул уурхайгаас бүрэн хамаарал бүхий эдийн засагтай болж байна.

2016 оны хоёрдугаар улиралд манайх засгаа шилжүүлж өгөхөд төсвийн алдагдал 1 их наяд орчим байсан бол 2 жилийн дараа энэ тоо 3.5 их наяд болсон байна. Төсвийн алдагдал гэдэг гадаад өрийг тэлэх хамгийн том хүчин зүйл юм. Ардчилсан нам 16 их наядын өртэй хүлээлгэж өгсөн бол энэ тоо даруй 2 дахин өссөн байна.

Сүүлийн жилүүд эдийн засаг хөгжих, улс орноо хөгжүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хамгийн өндөр боломжит үе байсан бол бид энэ боломжоо алдлаа. Монгол Улс төсвийн хяналтгүй явсаар ирлээ. Нэг өдөрт хоёр цэцэрлэг барих мөнгөө гадаад өрийн хүүд өгсөөр байна. Мөн байгалийн баялгаа хэрхэн зөв зохистой ашиглах талаар бид бодох цаг нь ирлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу