Бизнесийн салбараас НИТХ-ын төлөөлөгч болж түүнээсээ НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд болтлоо ногоон гэрлээр крандуулсан хүн бол яах аргагүй Сайнбуянгийн Амарсайхан. С.Амарсайханыг улс төрд ингэж хурдан дэвших болсон гол хүн нь МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан. НИТХ-ын гал тогоонд хамтдаа сууж, С.Амарсайханы Зайсан дахь том оффис, үйлчилгээний байгууллагаар нь үргэлж “эргэлдэж” дэндүү ойр дотно явж ирсэн. Нэг үгээр хэлбэл Д.Амарбаясгалан Шадар сайдын арыг өнөөдрийг хүртэл маш сайн дааж ирэв. Намынхан нь тэднийг нэг хүнээс ялгаагүй гэж ярьдаг нь оргүй зүйл биш. Тийм ч учраас хамгийн их итгэсэн С.Амарсайханыгаа бусад улс төрчдийн туулаагүй тийм амархан жимээр дээш өгсүүлчихэв. Энэ хэрээрээ С.Амарсайханы Д.Амарбаясгалангийн өрийн дэвтэр дэх намтар арвижиж байгаа юм. 

Д.Амарбаясгалан НИТХ-аас эхлэн өөрийн фракцийг бүрдүүлж ирсэн. Энэ цагийн Хотын фракц гэж хэлж болно. Түүний фракциас УИХ-д С.Амарсайхан, Ж.Ганбаатар, Ц.Сандаг-Очир нараас эхлээд анх удаа Их хурлын гишүүн болсон дийлэнх гишүүд багтдаг. Дараа дараагийн Хотын дарга, дараагийн НИТХ-ын дарга гэхчилэн Их хуралд орох лифтний эзэн Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан нарын хэн нь байх вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд нэр дэвшүүлэх эрхээ хадгалж үлдэхийг хүсдэг бол намын генсек гэдгээрээ Д.Амарбаясгалан бүх эрх мэдлийг базахыг хүсэх нь гарцаагүй. Их хурал болон орон нутгийн сонгуульд мэдээж Д.Амарбаясгалан Д.Сумъяабазарын адил өөрийн фракцийг өргөжүүлэх сонирхол байж таарна. Тэр утгаараа Нийслэлийн МАН-ыг гартаа оруулан, өөрийн хүмүүсийг НИТХ-д дэвшүүлэх бодлого барин Д.Сумъяабазарыг хотоос зайлуулах ажлыг эхлүүлсэн гэж яригдаж байгаа нь үнэн бололтой. Үүнийг нь гадарласан Хотын дарга сумаа тавьж байхыг ч үгүйсгэхгүй. Генсекээрээ ил цагаан оролдчихож болохгүй болохоор түүний хамгийн дотны хүнийг нь хайруулын тавган дээр гаргаж тавьж байгаад шарж байж болох. МАН-ынханы хувьд генсекээрээ оролдоно гэдэг бурханаараа оролдож байна гэсэн үг. Гэхдээ ямар ч бурхан ирээд эрх ашгийг нь хөндөх үед бурханаа бургасаар ороолгох үе ирдэг гэдгийг ч харж болно.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Номхон морийг ноолоход амар гэдэг шиг над руу дайрч байна. Намайг гүтгэсэн хүмүүсийг хуулийн байгууллагад өгсөн. Ажлаа хийж чадахгүй, ам, ажил нь зөрж байгаа Хотын тамгын газар, хотын удирдлагуудтай наад асуудлаа ярь” хэмээн омогдов. Үүнээс үзэхэд шууд нэр зарлаагүй ч өөрийг нь харлуулах ажлын ард, захиалга өгөөд, мөнгө тараагаад сууж байгаа хүн нь Хотын дарга Д.Сумъяабазар болж таарлаа. Ямар ч эргэлзэх зүйлгүй ингэж хэлж байгаа нь тэдний зөрчил ил цагаандаа гарсан гэдгийг харуулж байгаа юм.

Нэг хэсэг нь “Хотын даргыг солих гэж байна” гэсэн мессэж нисгэсэн бол нөгөө талд нь “Шадар сайд С.Амарсайхан сайдаасаа буухаар болжээ” гэсэн дэл сул үсгийг нисгэж байна. Хотын намын даргын суудлын төлөөх чимээгүй дайн МАН-д эхэллээ. Наанаа нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэж ярьж байгаа ч дотооддоо бол Хотын намын хорооны асуудал үүн лугаа өндрийг аваад байна. УИХ-ын гишүүн Н.Учралыг Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга болгочихсон. Үүний араас Чингэлтэйн намын хорооны даргаар Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар буюу өөрийн хүнийг даргаар тавьчихсан. Энэ мэтчилэн жижиг юм шиг хэрнээ эрх ашгийн тулаан өрнөж эхлэв. Өчигдөр гэхэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг ИТХ нь хуралдаад огцруулахаар болчихлоо. Ноднин мөн түүнийг ИТХ нь огцруулахад УИХ-ын гишүүн, УУХҮ-н сайд Ж.Ганбаатар Д.Сумъяабазартай уулзан Засгаар даргаар нь авч үлдсэн байдаг. Хотын дарга Д.Сумъяабазар дахин ийм зүйл болбол ямар нэгэн найраа байхгүй шүү. Шууд явуулна хэмээн хэлсэн талаар намынхан нь одоо ч ярьж байна. Ж.Ганбаатар, С.Амарсайхан нар Налайхад хамт тоглож өссөн найзууд. Тиймээс Ж.Ганбаатарын хүнээр дамжуулан С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нарт илгээж буй Хотын даргын сануулга байж мэдэх юм. Нийслэлийн намаа авах гэсэн адын шунал нь 1.3 сая иргэн ажиллаж, амьдарч байгаа хотоо хөлдөө чирэх вий дээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу