Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар биржээр нүүрс, төмөр, зэс тэргүүтэй 12 төрлийн бүтээгдэхүүн арилжаалж буй.

Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан анхны уул уурхайн бүтээгдэхүүн нүүрс бөгөөд Монгол Улсын таван компани өнгөрсөн 2023 онд 15.1 тонныг 7.4 их наяд төгрөгөөр арилжаалсан билээ.

2024 оны эхний таван сард Монголын хөрөнгийн биржээр 1.7 тэрбум ам.долларын, 14 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжжээ. Нийт 397 арилжааны хуваарь зарласнаас 70 хувь нь амжилттай болсон байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад арилжаанд оролцогч компаниудын идэвх сайжирсан байна. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК-ийн нэг удаад арилжих баяжуулсан коксжих нүүрсний хэмжээг 12,800-19,200 тонн болгон өсгөж, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс гэсэн төрөл нэмжээ.

Тус компани 19,200 тонн, 25,600 тонн гэсэн тогтмол жингээр нүүрсний арилжаанд оролцож байгаа юм. Түүнээс гадна өдөрт хоёр дуудлага худалдааны хуваарь зарлаж байсан бол тавдугаар сарын 22-нд гурван хуваарь зарлаж, амжилттай арилжаа явуулжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сард эрчим хүчний нүүрс дотроо битумт, үл барьцалдах нүүрс гэсэн төрлийг нэмж, биржийн арилжаанд хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож буй юм.

Биржийн нүүрсний арилжаанд энэ жил “Монголын Алт (МАК)” 1/3 коксжих нүүрсээр тавдугаар сард нэгдсэн билээ.

Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анхны арилжаанд оролцсон байна. Тус үйлдвэр анхны арилжаагаар 22.35 хувийн агуулгатай 2,718 хуурай метр тонн (ХМТ) зэсийг 5.8 сая ам.доллароор борлуулжээ.

Нүүрсний хамгийн өндөр үнийн өсөлт хоёрдугаар сард бүртгэгдсэн байна. Арилжааны үеийн үнийн өсөлт нэгдүгээр сард 11.7 хувь, хоёрдугаар сард 14 хувь, гуравдугаар сард 8.4 хувь, дөрөвдүгээр сард 9.8 хувь, тавдугаар сард 8 хувьтай байжээ. Нүүрсний дуудлага арилжааны 1/3 нь тавдугаар сард хийгдсэн аж.

Тавдугаар сарын 20-ноос хойш 58 болон 52 хувийн төмрийн хүдрийн арилжаа идэвхтэй явагджээ. Нийт 26 арилжааны үнийн өсөлт дунджаар 11.2 хувь болж огцом өссөн байна. Төмрийн арилжааны үнийн өсөлт нэгдүгээр сард 1.7 хувь, хоёрдугаар сард 3.7 хувь, гуравдугаар сард 0.3 хувь, дөрөвдүгээр сард 6.4 хувь, тавдугаар сард дунжаар 8 хувьтай байжээ.

Монголын хөрөнгийн биржид 2024 оны зургадугаар сарын эхний өдрүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа хэрхэн явагдсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Зургаадугаар сарын 3-ны өдрийн цахим арилжаагаар:

“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс, мөн тус компанийн 4 багц буюу 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс,

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,300 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр, мөн тус компанийн 6 багц буюу 19,800 тонн Fe-65%-ийн агууламжтай төмрийн баяжмал,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 3 багц буюу 9,450 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, мөн тус компанийн 2 багц буюу 6,300 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал,

“Тавантолгой” ХК-ийн 17 багц 108,800 тонн 1/3 коксжих нүүрсний арилжааг тус тус зохион байгуулжээ.

Зургаадугаар сарын 4-ний өдрийн цахим арилжаагаар:

“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс,

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,300 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 3 багц буюу 9,450 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, мөн тус компанийн 2 багц буюу 6,300 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмалын арилжааг тус тус зохион байгуулсан байна.

Зургаадугаар сарын 5-ны өдрийн цахим арилжаагаар

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,300 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 3 багц буюу 9,450 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал, мөн тус компанийн 2 багц буюу 6,300 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмал,

“Энержи Ресурс” ХХК-ийн 4 багц буюу 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсний арилжааг тус тус зохион байгуулжээ.

Зургаадугаар сарын 6-ны өдрийн цахим арилжаагаар:

“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц буюу 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс,

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц буюу 3,300 тонн Fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр, мөн тус компанийн 67 багц буюу 4,335 тонн CaF2-95%-ийн агууламжтай хайлуур жоншны баяжмал,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 3 багц буюу 9,450 тонн Fe-58%-ийн агууламжтай төмрийн баяжмалын арилжааг тус тус зохион байгуулсан байна.

ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ХУВААРЬ

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу