Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 10-нд “Хурд хамтлаг” түүхт гучин жилийн ойн тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангаад буй. Тэгвэл өнөөдөр (2023.06.02) төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын зохион байгуулагч, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нийслэл хотод тоглолтоо хийсний дараа орон нутгаар мөн аялал тоглолт хийх аж. Мөн түүхт гучин жилийн ойг тохиолдуулан олон ажлыг төлөвлөсөн гэлээ. Жишээ нь ирэх намар ирэх жилийн гуравдугаар сард “Бүсгүй” нэртэй УСК хийхээр төлөвлөөд байгаа тухай Хурд хамтлагийн гитарчин Отгонбаяр танилцуулсан юм.

Тоглолтын Ерөнхий найруулгыг On’n Off продакшн гүйцэтгэж, Ерөнхий продюсер, найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байгаа юм. Тоглолтыг дууны найруулга дээр ажиллахаар Герман, Францын мэргэжлийн алдартай дууны инженерүүд энэ сарын 6-нд Монгол улсад ирэхээр болжээ.

Дашрамд дурдахад, уг тоглолтын хамтран ажиллагч байгууллага АПУ Компани нь “Хурд” нэртэй “пиво”-ыг худалдаанд гаргахаар болсон тухай хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат: Хурд бол ард түмний хамтлаг болтлоо зүтгэж иржээ. Дэлхийн стандартын дагуу тоглолт болно. Олон улсад рок тоглолт хэрхэн болдог, яг л тийм болно гэж найдаж байна. Бид олон жилийн хамтран ажиллагчид учраас сайхан болох нь ойлгомжтой. Мөн дуугаа сонгож оруулах гэж маш их ажил боллоо. Эцэст нь иргэдийнхээ сонсох дуртай дийлэнх дууг багтаасан байх гэж бодож байгаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу