Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Нийслэлийн худалдаа үйлчилгээний хамгийн эрэлттэй 10 үйлчилгээний зөвшөөрлийг цахимжуулсан талаар өнөөдөр (2023.09.25) танилцууллаа.Тодруулбал,

  • Зочид буудал
  • Цайны газар
  • Баар \караоке\
  • Ресторан
  • Хүнсний дэлгүүр
  • Хүнсний зах
  • Мухлаг
  • Супермаркет
  • Минимаркет
  • Ая тухтай дэлгүүр зэрэг үйлчилгээг шинээр эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар хүлээж авдаг боллоо. 

Энэ талаар ЦХХХ-ы сайд Н.Учрал танилцуулах үеэрээ, “Шилэн ажиллагаа бол нэг талаасаа улс төрийн эрх чөлөөг иргэдэд олгох, нөгөө талаасаа эдийн засгийн эрх чөлөөг иргэд олон нийтэд олгох зорилготой. Ил тод нээлттэй байдал өнөөдрөөс амьдралд биеллээ олж байна. Хүнд суртал, авлигыг үгүй хийх эхний арван алхам энэ байх болно. Цаашид авлигатай тэмцье гэвэл технологийг ашиглах хэрэгтэй.

Технологид цайны цаг гэж байхгүй, ямар нэгэн хамаатан садах байхгүй, муухай аашлахгүй, утсаа авахгүй байна гэж байхгүй болохоор цаашид амьдрал дээр эдийн засаг улс төрийн эрх чөлөөг бий болгоход 24 цагаар танд үйлчлэх болно.

Ибизнес системээр орсноор 1700 байсан зөвшөөрлийг 360 болгож цөөлсөн бол өнөөдөр ямар нэгэн цонх дамжихгүйгээр үйлчилгээ авах боломжтой болж байна. Зөвшөөрөл заавал үнэт цаасан дээр хадгалагдах шаардлагагүй болж таны мэдээлэл төрд хадгалагдана.

Тухайн нутаг дэвсгэрт үйлчилгээ явуулах эцсийн шийдвэрийг нийслэлээс гаргана. Харин Нийслэлийн шийдвэр гаргах хүртэлх бүх хүсэлт, шат дамжлагыг л цахимжуулж байгаа юм” гэлээ.

Ингэснээр шинээр бизнес эхлэх гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж заавал цаасан хүсэлт, маягт бүрдүүлэхгүйгээр хүсэлтээ цахимаар илгээж үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болж байна.  Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх хамгийн түгээмэл 10 төрлийн үйлчилгээний зөвшөөрлийг WWW.E-BUSINESS.MN платформоос авах боломжтой боллоо

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу