БНХАУ Монгол Улсад нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж буйтай холбогдуулан 2024 онд Хятадын удирдагч Ши Жиньпин тал нутагт айлчилж болзошгүй талаар “За Байкальский рабочий” мэдээлснийг бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцоллоо.

Олон туйлт зарчмаар

АНУ болон барууны орнууд сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэлсэн талаар манай хэвлэл удаа дараа мэдээлж байв. Европын улс орнуудын удирдагчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөөний өмнө шууд утгаараа “жагслаа”.

Түүнчлэн Ромын пап Франциск ердөө 2000 гаруй католик шашинтан байдаг Монгол Улсад айлчилсан. ОХУ, БНХАУ-тай хөрш зэргэлдээх улсад ингэж анхаарал хандуулах нь ойлгомжтой юм.

Барууны талыг баримтлах болсон Монгол яваандаа нэг талыг баримталдаг болвол Орос, Хятадын нутаг дэвсгэрт түрэмгийлэхэд тохиромжтой “тавцан” болно. Газарзүйн байршлын хувьд тус улс эдгээр улсын хооронд хачиртай талханд хийсэн котлет шиг хавчуулаастай. Тийм ч учраас АНУ болон НАТО-гийн холбоотон орнууд Монголд “гуравдагч хөрш” үзэл баримтлалыг өдгөө идэвхтэй хэрэгжүүлж байна.

Энэ байдлыг ойлгосон Хятад өнөөдөр Монголд үзүүлэх нөлөөллөө ч нэмэгдүүлсэн. Мөн бид зөвхөн дипломат баримт бичигт гарын үсэг зурж, найрамдлаа баталгаажуулаад зогсохгүй эдийн засаг, байгаль орчны маш тодорхой төслүүд, аюулгүй байдлын асуудлыг ярьж байна.

“Синьхуа” агентлаг 2023 оны есдүгээр сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жадамбын Энхбаяр БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И-тэй уулзсан тухай мэдээлсэн.

Уулзалтын үеэр БНХАУ-ын төлөөлөгч тус бүс нутагт энх тайвныг баталгаажуулахын тулд аюулгүй байдлын салбарын хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө Монгол Улстай хамтран ажиллахад Хятад улс бэлэн байгааг тэмдэглэсэн юм.

Ван И “Хятад улс иж бүрэн стратегийн түнш, ойр хөршийн хувьд Монголын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг үргэлж хүндэтгэсээр ирсэн” гэж цохон тэмдэглэж байв.

Хариуд нь, Жадамбын Энхбаяр хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс бие биенийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Түүнчлэн Монголын тал коронавирусын цар тахлын эсрэг тэмцэлд БНХАУ-ыг идэвхтэй дэмжсэн нь хоёр орны түүхэн дэх хамгийн сайн харилцааг харуулж байна. Мөн Монгол Улс Бээжинд найрсаг бодлого баримталж, “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталж байгааг тэмдэглэж байв.

Талууд мөн “Олон туйлт ертөнцийн чиг хандлагыг зогсоох боломжгүй. Олон туйлт тогтолцоог бий болгохын тулд бүх улс орны ашиг сонирхлыг харгалзан үзэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчим, олон улсын харилцааг зохицуулсан нийтээр хүлээн зөвшөөрсөн үндсэн хэм хэмжээг хамтран баримтлах шаардлагатай байна” хэмээн санал нэгдсэн билээ.

Худалдааны хэмжээг нэмэгдүүлэх

Сарын дараа буюу аравдугаар сарын 19-нд Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол-Хятадын бүх салбарт стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлэлцсэн.

Хоёр орны төрийн тэргүүн Монгол, Хятадын сайн хөршийн харилцаа нь хоёр орны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж байв. Хүрэлсүх, Ши Жиньпин нар айлчлалын давтамжийг өндөр түвшинд байлгаж, хөгжлийн стратегийг зөвшилцөж, ойрын ирээдүйд худалдааны хэмжээг жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон.

Мөн худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтуудыг холбох, харилцааны эрх зүйн бааз суурийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх талаар ярилцсан билээ.

Нэгэн чухал зүйл: Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Бээжин өнөөдөр үнэ төлбөргүй олгоход бэлэн байна. Тухайлбал, Бээжин хот Улаанбаатар хоттой замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төслүүд дээр хамтран ажиллахаас гадна байгаль орчин, эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновацийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон.

Түүнчлэн Монгол, Хятад улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол, Хятад хоёр нийт арван нэгэн гэрээ байгуулсан байдаг.

Ши Жиньпин Монголд айлчлал уу?

БНХАУ-ын даргын ирэх онд Монголд хийж болзошгүй айлчлал хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, 2024 онд Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн найруулсны 30 жилийн ойг тэмдэглэнэ. Мөн ирэх жил Ши Жиньпин Улаанбаатарт анхны айлчлал хийснээс хойш яг 10 жилийн ой тохионо.

Эдийн засагч, олон улсын харилцааны шинжээч Ч.Сумъяа олон улсын “The Diplomat” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “БНХАУ-ын хувьд Монгол Улстай сайн харилцаатай байх нь улсын хойд нутгийн аюулгүй, тогтвортой байдлын тэргүүлэх асуудлын нэг гэж үзэж байна” хэмээн ярьж байв.

Түүний онцолсноор, коронавирусийн цар тахлын дараа Ши Жинпинь олон улсад хийх айлчлалаа эрс багасгасан. 2020 он гарснаас хойш тэрбээр хоёр жил гаруйн хугацаанд хилийн чанадыг зориогүй, гагцхүү 2022 оны есдүгээр сард олон улсад хийх айлчлалаа сэргээжээ.

Ши Жинпинь 2023 онд ердөө дөрвөн удаад гадаад улсад айлчлал хийсэн нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бага тоо юм. Энэ нь Ши Жинпинь Монголд айлчлах тухай шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлж мэднэ. Үүний зэрэгцээ сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад, Монголын хоорондын улс төрийн харилцан итгэлцэл аажмаар бэхжиж, эдийн засаг, худалдааны солилцоо өсөж, экологийн асуудлаарх хамтын ажиллагаа ч өргөжсөн юм.

Ши Жиньпин Монголд айлчлах шийдвэр гаргахад Москва, Улаанбаатар хоёрын харилцаа ч нөлөөлсөн байх магадлалтай. Өнгөрсөн аравдугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан 2024 онд Улаанбаатарт айлчлахыг урьсан.

Хэрэв Владимир Путин энэ урилгыг хүлээн авбал Хятадын тал хойд хөршдөө үзүүлэх нөлөөг бэхжүүлэхийн тулд Монголд айлчлах Ши Зиньпиний боломжийн талаар сайтар судалж үзэх нь зүйтэй гэжээ.

Эх сурвалж: ЗАБАЙКАЛЬСКИЙ РАБОЧИЙ
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу